ЭСИЙН ШИНЖИЛГЭЭГ ЯАЖ АВДАГ ВЭ?

Энэ нь умайн хүзүүний сувгаас тусгай зориулалтын сойзоор дээж авч шинжилдэг арга. Маш энгийн ажиллавар, эмэгтэйд ямар нэгэн таагүй мэдрэмж төрдөггүй. Шинжилгээний наалдцыг шпатель гэж нэрлэгддэг тусгай багажаар авдаг. Энэ багаж нь умайн хүзүүний хэлбэрийг дуурайсан муруй гадаргуутай.

Наалдцыг авахдаа дарж эсийн давхаргуудыг хусч авдаг. Яагаад хусдаг вэ гэхээр хорт хавдар үүсэх үйл явц нь умайн хүзүүний хучуурын хамгийн доод давхаргаас эхлэн лавшрахын хэрээр дээш, гадаргуу руугаа тархдаг. Иймээс наалдацанд зөвхөн дээд давхарга орсон бол эхний шатандаа явж байгаа эмгэгийг тодорхойлох боломжгүй болно.

Шинжилгээний үр дүн нь эс судлаачийн дадал ба шинжилгээний материалыг зөв авсан эсэхээс хамаарна. Шинжилгээний хариу хэвийн, хэвийн бус гэж гарна. Хэвийн бус хэв шинжтэй эсүүд гэдэг нь хэлбэр, хэмжээ, цөмийн бүтэц зэрэгт нь өөрчлөлт орсон эсүүд юм. Эдгээр өөрчлөлт нь хорт хавдар үүсэх үйл явцын нөлөөгөөр, эсвэл үрэвслээс үүдэн гарсан байж болно. Тиймээс хэвийн бус гарсан ямар ч тохиолдолд үрэвслийн эсрэг эмчилгээ хийх бөгөөд дээр нь нэмж эдийн шинжилгээ хийнэ.

Эсийн шинжилгээг хэн өгөх вэ?

  • 18 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон охид
  • Бэлгийн харьцаанд орсон бүх эмэгтэйчүүд
  • Цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүд

Эдгээр насны эмэгтэйчүүд эсийн шинжилгээг жилд нэг удаа өгч байснаар умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх цаашлаад эрт үед нь илрүүлэн эмчлэх бүрэн боломжтой.

Шинжилгээ өгөхөд юуг анхаарах хэрэгтэй вэ?

  • Сарын тэмдэг ирж байх үед аль болох тест өгөхгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй байх
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх
  • Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн угаалгын шингэн, лаа зэргийг хэрэглээгүй байх.

Умайн хүзүүний хавдрын эрт үед доорх шинжүүд илрэх тул эмчид яаралтай хандаарай.

  • Бэлгийн харьцааны дараа үтрээнээс цус гарах
  • Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
  • Үтрээнээс сарын тэмдэг ирээгүй үед цус алдах

Эмэгтэй, Та эмэгтэйчүүдийн эмчид хандаж, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд жил тутамд хамрагдсанаараа умайн хүзүүний хорт хавдраас өөрийгөө 100% сэргийлж чадна.

Эсийн шинжилгээний өгсний дараа ямар нэг зовиур илрэхгүй мөн ямар нэгэн гам барих шаардлагагүй.