Сарын тэмдэг ирэхээс бусад үед үтрээнээс цайвар шүүрэл бага хэмжээгээр ялгарах нь хэвийн зүйл. Агаартай урвалд орж бага зэргийн шаргал туяа орж болно. Үтрээний шингэн буюу шүүрэл нь үтрээг эрүүл байгааг илтгэж байдаг.
#1 Дотуур хувцсаа хуурай байлгаарай
Бие зассаны дараа үтрээгээ арчихгүй байх нь дотуур хувцсыг норгож улмаар эвгүй үнэр үүсгэдэг. Мөн халдвар авах ч эрсдэлтэй. Тиймээс дотуур хувцсаа үргэлж хуурай байлгаарай. Мөн дасгал хөдөлгөөн хийх, ууланд алхах зэрэг хөлс ихээр гадагшилсны дараа заавал дотуур хувцсаа сольж заншаарай.
#2 Ариун цэврийн хэрэглэлээ 4-6 цаг тутамд соль
Ариун цэврийн хэрэглэлээ солих хугацааг дөрвөн цаг тутамд нэг байх нь тохиромжтой хэмээн зөвлөжээ. Мөн сарын тэмдгийн үеийн шингэн гадагшлуултаас хамааран 2-3 цагийн хугацаанд ч сольж болох юм. Чанар муутай ариун цэврийн хэрэглэл сонгох, хэрэглэлээ солихгүй удах нь загатнах, эвгүй үнэр гарах, үрэвсэлт өвчин, харшил үүсгэх суурь шалтгаан болдог байна. / Үүнд өдөр тутмын нимгэн хэрэглэл ч мөн хамаарна/
#3 Бэлгийн харьцаанд орсны дараа заавал угааж хэвшээрэй
Дотно харьцаанд орсны дараа гадна бэлэг эрхтнийг бүлээн усаар угааж заншаарай. Учир нь үрийн шингэн, бэлгэвчээс үүссэн тоосонцор нь халдварт өвчин үүсгэх аюултай. Тухайлбал шээсний замын халдварт өвчин авах эрсдэлтэй. Бэлгийн харьцаанд орох үед нөхрийн бэлэг эрхтэн цэвэр байх ёстойг анхаараарай.
#4 Саван хэрэглэхээс зайлсхий
Гадна бэлэг эрхтэнээ угаахдаа хатуу болон хэт хурц үнэртэй саван хэрэглэхээс зайлсхий. Саванд агуулагддаг глицерол, антисептик зэрэг химийн бодис нь үтрээн дэх бактерийн тэнцвэрт байдал болон хүчил, шүлтийн тэнцвэрийг алдагдуулж, ашиггүй бактерийн өсөлтийг нэмэгдүүлдэг байна. Иймд зүгээр л бүлээн усаар угаах нь зүйтэй.
#5 Үнэрт бүтээгдэхүүнээс татгалзаарай
Бидний биеийн хамгийн бохир хэсэг амны хөндий юм. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүд нууц эрхтэндээ л илүү анхаарал хандуулж, буруу арчилдаг. Эрчүүд хүртэл бүсгүйчүүдийн эмзэг эрхтнээс сарнайн үнэр үнэртэхэд дуртай байдаг гэсэн судалгаа бий. Гэвч эдгээр анхилуун үнэрт бүтээгдэхүүн буюу салфетка, үнэр дарагч, скраб зэрэг нь харин ч эсрэгээрээ халдвар авах эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна. Иймээс эмэгтэйчүүдийн эмч нар эдгээр бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөдөг.
#6 Хамгаалалттай бэлгийн харьцаанд ороорой
Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь хламиди, заг хүйтэн, герпес, тэмбүү, ХДХВ зэрэг бэлгийн замаар дамждаг өвчин авах эрсдэлийг даруй хэд дахин нэмэгдүүлдэг. Иймд бэлгийн харьцаанд хамгаалалттай орсноор БЗХӨ, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Сануулан хэлэхэд, бэлгэвч худалдан авахдаа материал болон найрлагаас нь харшлах эсэхээ нягтлаарай.
#7Синтетик материалаар хийсэн хувцас өмсөхөөс татгалз
Та ямар материалаар хийсэн дотуур хувцас өмсдөг вэ? Хэрэв одоог хүртэл синтетик буюу бидний хэлж заншсанаар нилонон материалаар хийсэн дотуур хувцас өмсдөг бол яг одооноос татгалзахыг зөвлөж байна. Учир нь синтетик дотуур хувцас нь агаарын солилцоог бууруулж, арьсыг ихээр хөлөргөн бактери, мөөгөнцөр үржих таатай нөхцөлийг бүрдүүлэгч болдог гэнэ. Иймд эмэгтэйчүүдийн эмч нар ч агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, даавуун дотор хувцас хэрэглэхийг зөвлөдөг.
#8 Зөв арчиж сурах
Гадна бэлэг эрхтнээ хэн ч яаж арчихаа мэднэ шүү дээ гэж та бодож байна уу. Инээдтэй санагдаж мэдэх ч энэ бол хамгийн анхаарах дадлын нэг юм. Бие зассаны дараа эмзэг эрхтнээ арчихдаа урдаас хойш чиглэлтэй арчих нь хамгийн зөв арга юм шүү. Үүнийг мэддэггүйгээс болж өгсөх замын халдвар авсан эмэгтэйчүүдийн тоо буурахгүй байгаа нь энэхүү дадал чухал болохыг харуулна. Мөн охидод багаас нь үүнийг зааж дадуулах нь чухал.
#9 Бэлэг эрхтний үсийг бүү хус
Та байнга вакс хийлгэдэг үү? Байгаль бидэнд юуг ч дэмий заяагаагүй. Умдагны үс ч бас өөрийн үүрэгтэйг бүү мартаарай.Судалгаанаас үзэхэд гадна бэлэг эрхтний үсийг хуссанаар арьсны хамгаалах давхаргыг үгүй хийдэг байна. Тэр хэрээрээ төрөл бүрийн халдварт өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Судалгаанаас үзэхэд гадна бэлэг эрхтнийхээ үсийг хусдаг эмэгтэйчүүд бэлгийн хомхой, үсний сувагны үрэвсэлт өвчинд илүү их өртөмтгий байдаг нь батлагджээ.
#10 Дараах тохиолдолд эмчид заавал хандаарай
✔Таны үтрээнээс цусархаг ялгадас гарсан бол
✔Хэвлийн доод хэсгээр зовиуртай бол
✔Үтрээний ялгадасны хэмжээ ихэссэн, өнгө нь ногоон туяатай , үнэртэй болох, загатнах, хорсох, хавдах, бэлэг эрхтэн дээр шарх гарах зэрэг шинж тэмдгээс аль нэг нь илэрсэн бол
✔Өмнөх эмчилгээнд үр дүн муутай байсан бол
✔Удаан хугацаагаар өөр төрлийн эмчилгээ, химийн тариа хийлгэж буй бол эмчид заавал хандаарай.