Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
Нэг.Үйлчлүүлэгчийн эрх
1.1.Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч нь ёс зүйн дараах эрхтэй:
1.1.1.Үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн чанартай, тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээг авах;
1.1.2.Биеийн эрүүл мэндийн байдал болон эмчилгээ, үйлчилгээний үр дүн,өвчний явц, цаашид хийх эмчилгээ, гарч болох үр дагаврын талаар мэдээлэл авч, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцан ярилцах, тайлбар авах;
1.1.3.Өөрийн эрүүл мэндийн талаарх нууцаа хамгаалуулах;
1.1.4.Өрх, сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэхдээ эмчээ сонгох, тусламж, үйлчилгээний явцад эмчлэгч эмчээ солих санал тавих;
1.1.5. Олон улсын хөл хориот, байгалийн голомтот болон бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчтэй, сэтгэцийн хувьд өөрийгөө хянах чадваргүй болсноос бусад тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний зөвлөсөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахаас татгалзах;
1.1.6.Хүний эрүүл мэндэд харш, үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага,аж ахуйн нэгж, иргэний талаар холбогдох байгууллагад мэдээлэх, өргөдөл, гомдол гаргах;
1.1.7.Анагаахын болон шинжлэх ухааны судалгаа болон туршилтад оролцохоос татгалзах;
Хоёр.Үйлчлүүлэгчийн үүрэг
2.1.Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч нь ёс зүйн дараах үүрэгтэй:
2.1.1. Үйлчлүүлэгч өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх;
2.1.2.Эрүүл мэнддээ анхаарах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх дадал эзэмших;
2.1.3.Эрүүл мэндийн байгууллагын ажилтантай хүндэтгэлтэй харилцаж, соёлтой үйлчлүүлэх;
2.1.4.Байгууллагын дотоод, дүрэм, журмыг дагаж мөрдөх;
2.1.5. Өөрийн болон асран хамгаалж буй үйлчлүүлэгчийн биеийн эрүүл мэндийн талаарх мэдээллээ эмнэлгийн мэргэжилтэнд үнэн зөв, бүрэн мэдээлэх;
2.1.6.Эмчилгээ, үйлчилгээний заавар дэглэмийг чанд сахих;
2.1.7. Эмчилгээ, үйлчилгээний заавар дэглэмийг мөрдөхөөс татгалзаж байгаа бол бичгээр баталгаажуулах;
2.1.8. Хууль, журмаар зөвшөөрөгдсөн төлбөртэй тусламж, үйлчилгээ авсан бол үйлчилгээний төлбөрийг төлөх;
2.1.9. Бусдын эрхийг хүндэтгэх;
2.1.10. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байхад зураг авах болон дуу, дүрс бичлэг хийхгүй байх.