Мэс ажилбар
Умайн хүзүүний гаж хувирлын LEEP ЭМЧИЛГЭЭ
“Умайн хүзүүний гаж хувирлын Leep мэс засал”
Умайн хүзүүний эмгэг өөрчлөлттэй хэсэгт цахилгаан гүйдэлтэй утсан гогцоогоор умайн хүзүүнээс жижиг хэсгийг тайрч эмчлэх аргыг хэлнэ. Хөлдөөх эмчилгээтэй харьцуулахад эмгэгийг устгах биш тайрч авдаг учир авсан эдээ шинжилж болдог давуу талтай. LEEP эмчилгээний дараах шархны нөхөн төлжилт нь 6 долоо хоног орчим байдаг.
Эмчилгээний дараах өдрүүдэд хэвлийн доод хэсгээр базлах, хөндүүрлэх, толгой эргэх нүүрлүү халуу оргих, 3-4 долоо хоногийн туршид үтрээнээс бор, хар хүрэн өнгөтэй ялгарал гарч болно. LEEP эмчилгээ хийлгэсний дараа дараах үйлдлийг 1 сарын хугацаанд хориглоно.
- Үтрээний угаалга хийхгүй байх
- Сарын тэмдгийн үед тампон хэрэглэхгүй байх
- Бэлгийн харьцаанд орохгүй байх
- Хүнд юм өргөхгүй байх/10 кг-аас дээш/
- Саун , бассейнд орохгүй байх
- Өсгийтэй гутал өмсөхгүй байх
- Дасгал хөдөлгөөн, биеийн хүчний ажил хийхгүй байх
- Цусны бүлэгнэлтийг багасгах аспирин төрлийн эм хэрэглэхгүй байх
Хэрэв эмчилгээний дараах 6 долоо хоногт 2-оос дээш хоног халуурах, хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх, үтрээгээр эвгүй үнэртэй ялгадас гарах, нөжирхүү ялгадас гарах хүндрэлүүд гарвал эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмчилгээний дараа ийм эмчилгээ хийлгэсэн нийт өвчтөний 2%-д цус алдаж болдог. Цус алдвал яаралтай эмнэлгийн тусламж авна.