Шилжилтийн нас гэж юу вэ?
- Шилжилтийн нас гэдэг нь хүүхэд ахуй үеэс нас бие гүйцэж том хүн болох завсрын үе юм. Биемахбодийнөсөлт хөгжил хүн бүрт харилцан адилгүй, ялгаатай явагддаг учраас “Би эрүүл болов уу? Минийх яагаад бусдынхаас өөр байна? гэсэн асуулт ихэнх өсвөр үеийнхний мэдэхийг хүсдэг, тэдний сэтгэлийг зовоодог зүйлийн нэг байдаг.
- Шилжилтийн насанд гарах өөрчлөлтүүд нь тархины эд эсийн хөгжил гүйцэж, тархины тодорхой хэсгүүдээс ялгарах бодисын /даавар/ нөлөөгөөр эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн булчирхайн үйл ажиллагаа идэвхжин, тэндээс ялгарах бэлгийн дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотой гардаг.
Охидын бэлгийн бойжилтын явц, гарах өөрчлөлтүүд
Охидод шилжилтийн насанд гардаг өөрчлөлтүүд нь хөвгүүдээс эрт, ихэвчлэн 10-11 насанд эхэлдэг боловч үүнээс эрт, орой эхэлж болдог.
Яагаад өөрчлөлт гардаг вэ?
- Өнчин тархины боловсруулсан дааврын нөлөөгөөр эмэгтэй хүний бэлгийн булчирхай болохөндгөвчөөс ялгарах эм бэлгийн дааврын / эстроген ба шар биеийн даавар/ хэмжээ ихэссэнээс шалтгаалдаг
Гадна өөрчлөлт
Охидын хэвлий, гуяар өөх хуримтлагдан бие нь бөөрөнхийдүү болж, бүсэлхийгээрээ нарийсч, ташаа нь өргөсөн, үеийнхээ хөвгүүдээс өндөр болно. Энэ үед хөх болон хөхний толгой томорч эхэлдэг. Хөх ургаж эхлэхдээ эмзэг байдаг. Аль нэг талын хөхний толгой томорч, хэн нэг нь санамсаргүй хүрэхэд эмзэглэдэг. Нэг тал нь яагаад ургахгүй байгаа юм бол, яагаад өвддөг юм бол гэж айх, эх эцэг нь ч жаахан охины минь хөх ургах болоогүй, ямар нэг өвчин боллоо гэж айх явдал байдаг. Үүнд айх явдалгүй, аажимдаа хоёр хөх хэмжээгээрээ ижил болдог. Хөхний хэмжээ хүн бүрд адилгүй байдаг.
Үс
Умдагны орчим болон суганы хонхорт үс ургаж эхлэх нь тийм ч аятайхан биш. Үсжилт нь удамшлаас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Үсний ургалт аажимдаа нэмэгдэж, суганы хонхор, умдагны гурвалжин мушгирсан үсээр бүрхэгддэг. Зарим хүний суганд огт үсгүй эсвэл цөөн үстэй байх нь бий.
Охидын өсөлт
Охидын өсөлт хөвгүүдээс бараг хоёр жилийн өмнө эхлэн, жил гаруй хугацаанд илүү эрчимтэй өсч аажмаар эрч нь суларч, өсөлт нь 18 нас хүртэл үргэлжилнэ.
Охидын биеийн галбир, хэмжээ 10-18 насны хооронд өөрчлөгдөж, нас бие гүйцсэн эмэгтэйн төрхтэй болдог.
Биеийн хэлбэр галбир, хэмжээ нь нийтлэг байдлаар өөрчлөгдөх боловч, өсөлтийн хурд охидод өөр өөр байдаг. Зарим нь 13-14 хүртлээ өндөр болсон нь анзаарагдамгүй байхад зарим нь 11 насандаа суга өсдөг. Өсөлт хөгжлийн энэ үед биед гарсан өөрчлөлтүүд ажиглагдахуйц болж, анхны сарын тэмдэг үзэгддэг.
Сарын тэмдэг
Анхны сарын тэмдэг өсвөр насны охидод айдас, цочирдол төрүүлэх нь бий. Ихэвчлэн найз охидоосоо энэ тухай мэдсэн байдаг тул буруу зөрүү ойлголттой олон охидууд байдаг. Охидын биеийн онцлогоос шалтгаалан сарын тэмдэг хэт эрт /12-13 нас/ эсвэл нэлээд хожуу /16-18/ нас ирдэг.
Орчин үед охидын өсөлт бойжилт хурдацтай явагдаж байгаа тул эрт ирэх нь хэвийн үзэгдэл болоод байгаа аж. Анх ирэхдээ хэт их эсвэл бага зэрэг үзэгдэх төдийгөөр тогтмолжоогүй байдаг. Хэт их ирсэн тохиолдолд айж цочих, янз бүрийн аргаар дарах, арилгах гэж бүү оролдоорой охидоо. Сарын тэмдэг нь ирэхдээ бага зэрэг өвддөг. Энэ нь ноцтой асуудал биш, гэхдээ энэ үед дороосоо дулаан явах, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх нь чухал.
Бэлгийн бойжилтын үед охид, хөвгүүдийн сэтгэлийг зовоосон асуудлууд
Би хэвийн болов уу? Ихэнх хүүхдүүд өөрсдийн өсөлтийн талаар хэт удаан эсвэл хэт хурдан байна гэж санаа зовдог. Арай эрт өсч, хөгжсөн биерхүү нэг нь эсвэл намхан, жижиг нь бие биесээ шоолон, нэр хоч өгөх нь тэднийг улам эвгүй байдалд оруулдаг. Бусдаас өндөртөө санаа зовж, бөгтийсөөр сэрвээгээрээ бөгтөр болох нь бий. Үеийнхнээсээ түрүүлж хөх нь ургасан охид нуух санаатай цээжээ эвхэж явсаар алхаа гишгээ нь өөрчлөгддөг. Хэдийгээр хүн бүрт яг адилхан явагдахгүй ч гэсэн хүн бүр нэгэн ижил өөрчлөлтүүдийг аажмаар туулан өнгөрөх болно.
Хөлрөөд байдаг болчихлоо..
.Шилжилтийн насны үед охид, хөвгүүдийн аль аль нь нийт хөлсний булчирхайнууд ялангуяа суганы хэсгийн булчирхай идэвхтэй ажиллаж эхэлснээс илүү хөлрөмтгий болдог. Ихэнх нь дасгал хөдөлгөөн хийх, сэтгэл хөдлөх, уурлаж уцаарлах үедээ хөлөрдөг боловч, зарим хүний хөлс илүү их гардаг. Цэвэр хөлсөнд ямар нэг үнэр байдаггүй, харин удвал эвгүй үнэртэй болдог. Өдөр бүр усанд орох нь хамгийн тохиромжтой арга юм. Аль болох цэвэр, даавуун дотуур хувцас, оймс өмсөх, тохирсон үнэр дарагч хэрэглэх нь зохимжтой.
Батга гарах нь насны онцлог гэж үү?
Шилжилтийн насанд бэлгийн дааврын ялгарах хэмжээ эрс ихэссэнээс арьсан дахь тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж арьс тослог болдог. Тосны булчирхайн жижиг суваг битүүрснээс батга гардаг. Арьсаа сайн цэвэрлэж чадахгүй бол батга буюу хуримтлагдсан тосонд идээлүүлэгч нян орж, тосны булчирхай идээлж батга хүндэрдэг. Арьсаа тогтмол сайн угааж, цэвэрлэх нь батга гарахаас сэргийлэх гол арга юм. Харин батгыг өөрөө шахах нь улам хүндрүүлж, сорви үлдэхэд хүргэдэг учир мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.