HPV/Хүний папиллома вирус / нь 100 гаруй хэлбэртэй бөгөөд үүний 40 гаруй хэлбэр нь эмэгтэйчүүдийн бэлгийн замаар халдварладаг.
Вирусийн хэв шинжүүдийг их болон бага эрсдэлтэй гэж хувааж авч үзэх бөгөөд бага эрсдэлтэй /HPV/ нь бэлгийн замын үү ургацаг байдлаар голдуу илэрдэг бол их эрсдэлтэй /HPV/ нь эсийг удаан хугацаагаар эмгэгшүүлж улмаар умайн хүзүү, ам залгиур, бэлгийн уруул, үтрээ, умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг.
Шинж тэмдэг
Үтрээнээс үл ялиг цус эсвэл ялгадас гарах, бэлгийн харилцааны дараа үтрээнээс цус гарах шинж тэмдэг илэрдэг. Иймээс эмэгтэйчүүд биед ямар нэгэн зовуурь, шинж тэмдэг илрээгүй үед ч 21-29 насны эмэгтэйчүүдийг 3 жил тутамд умайн хүзүүн эсийн шинжилгээ, 30-65 насны эмэгтэйчүүд умайн хүзүүн эсийн шинжилгээ болон хөхөнцөр вирус эрт илрүүлэгчийн шинжилгээг 3 жилийн давтамжтайгаар хамрагдахыг зөвлөдөг.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
– Жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар уухгүй байх
– Бэлгийн харилцаанд 18 наснаас өмнө орохгүй байх
– Бэлгийн олон хавьтагчгүй байх
Уг вирусийн халдвар авсан бол умайн хүзүүнээс эсийн шинжилгээ хөхөнцөр вирусийн шинжилгээгээр илрүүлж болох ба мөн умайн хүзүүний өнгөт дурангийн шинжилгээгээр харахад хавдрын ба хавдрын өмнөх үеийн хучуур эд, ургацаг эсвэл шарх зэргийг оношилж болдог.
Хэрэв охид, эмэгтэйчүүд эрт оношлуулж чадвал шинжилгээндээ тохирсон эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрнэ.