“Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ”
Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ нь эмнэлзүйн практикт бөөр, шээсний замын эмгэгийг илрүүлэх зорилгоор хийгддэг хамгийн түгээмэл шинжилгээ юм.
Энэхүү шинжилгээгээр ялгаруулах эрхтэн тогтолцооны физиологи болон анатомийн эмгэг өвчин зэрэг санаанд оромгүй өвчний процессыг илрүүлэх боломжтой бөгөөд өвчтөнд янз бүрийн эмгэг төдийгүй өчүүхэн хэмжээний гажиг үүсэж байгаа, үгүй гэдэгт хяналт тавьж болно.
Мөн түүнчлэн шээсний шинжилгээнд дотоод шүүрлийн эмгэг болон бодисын солилцооны хямралын үр дүнд үүссэн дундын бүтээгдэхүүний хэмжээгээр өвчний үйл явцыг хянаж болдог. Иймээс лабораторийн шээсний шинжилгээ нь эмнэлзүйн ухаанд голлох үүрэгтэй.
Шээс үүсэлт
Зүрхнээс гарч буй цусны 25% буюу ойролцоогоор 1200мл цус бөөрөнд минут тутамд шахагдаж байдаг. Өгсөх артерийн судсаар бөөрний нефрон цусыг хүлээн авдаг ба цаашаа бөөрний түүдгэнцэрээр эргэлдэн Bowman-н капсулд шүүгдэн ордог. Бөөрний үйл ажиллагааны дараагийн чухал хэсэг нь сувганцар ба эдгээрийн төгсгөл хэсгүүд нь хоорондоо нийлэн өргөсөж, шээс цуглуулах хоолой болж, бөөрний тэвшинцэр хэмээх хөндийд цутгана. Үүнээс цааш шээс дамжуулах сувгаар дамжин давсагт орно. Хүний цусны сийвэн бөөрөнд шүүгдэн хоногийн 24 цагт 180л шүүгдэс ялгаруулан, үүнээс 1-2л нь шээс болон гадагшилдаг.
Бөөр нь хэд хэдэн зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. Бөөрний гол үүрэг нь цуснаас бодисын солилцооны илүүдэл бүтээгдэхүүнийг шүүх үйл байдаг. Шүүгдсэн илүүдэл бүтээгдэхүүн нь устай нэгдэн шээс болж биеэс гадагшилдаг. Мөн бөөр нь эритропоетин, ренин үүсэлт, витамин Д зэрэг дааврын зохицуулгад чухал үүрэгтэй. Бөөрөнд эдгээр үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд шээсний хими болон микроскопийн шинжилгээнд өөрчлөлт гардаг.
Шээсний хэмжээ
Хэвийн нөхцөлд шээсний хэмжээг тодорхойлогч хүчин зүйл нь усны хэрэглээ юм. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 600-2000 мл шээсийг ялгаруулдаг ба шөнөдөө 400 мл-ээс дээшгүй шээсийг ялгаруулдаг. Бага насны хүүхдүүд насанд хүрэгчидтэй харьцуулахад биеийн жингийн кг тутамд ойролцоогоор 3-4 дахин их шээсийг ялгаруулдаг. Эмнэлзүйн оношилгоонд шээсний гарцыг давтамжтай хэмжих нь чухал байдаг.
Шээсний хэмжээ нэмэгдэх: 24 цагийн дотор 2000 мл-ээс их шээс ялгаруулахыг полиуриа (polyuria) гэх ба харин шөнө 1,018-аас бага хувийн жинтэй, 500 мл-ээс их шээсийг ялгаруулахыг ноктуриа (nocturia) гэнэ.
Ерөнхийдөө их хэмжээгээр шээс ялгаруулсны дүнд шээсний хувийн жин бага болдог. Полиуриа нь ус их хэрэглэх, кофейн, спирт, тиазид болон бусад шээс хөөх эмүүд, дуслын шингэн хэрэглэснээс болж үүсдэг. Уургаар баялаг хоол болон хэт их давс хэрэглэсэн үед ус илүү их шаардлагатай.
Шээсний хэмжээ багасах: 24 цагийн дотор 500 мл-ээс доош шээс ялгаруулахыг олигуриа (oliguria) буюу шээс багасах гэх ба шээсний үүсэлт алдагдахыг ануриа (anuria) гэнэ. Шингэн алдалтын шинж тэмдэг илрэхээс өмнө усны дутагдал нь шээсний хэмжээ багасах шалтгаан болдог. Мөн бөөрний архаг өвчний улмаас шээс багасдаг. Энэ тохиолдолд азотын хаягдал бүтээгдэхүүн бөөрөнд хуримтлагдаж болно.
Шээсний микроскоп шинжилгээ
Улаан эс: Гематури, шээсэнд цусны улаан эс илрэх үед үзэгдэнэ.
Цагаан эс: Халдварын үед илэрнэ. Бөөрний үрэвсэл, нянгийн бус гаралтай халдвар, түрүү булчирхайн үрэвслийн үед илэрч болно.
Хавтгай хучуур эс (эпител): Давсаг, шээсний замаас цөөн тооны эпител эс шээсэнд илэрч болдог. Шээс бэлгийн замын халдвар, үрэвсэл, гажгийн үед эпител эс шээсэнд ихээр илэрдэг.
Бичил биет (нян, мөөгөнцөр, трихомониаз): Халдварын болон бохирдлын шалтгаантай нян илэрч болно. Удаан хугацааны антибиотик эмчилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэсний дараа, чихрийн шижингийн үед шээсэнд мөөгөнцөр илэрч болдог. Трихомониазын халдвар авсан үед мөн шээсэнд трихомонас үүсгэгч илэрч болдог.
Талст: Шээс нь биеийн их хэмжээний уусмал хорт бүтээгдэхүүнийг агуулж байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нийлж талстыг үүсгэдэг. Талст нь шээсний pH орчин хүчиллэг болон суурилаг болох, уусмал бодисын агууламж ихсэх, талст үүсгэх тохиромжтой температурын нөлөөнд үүсдэг.
Бортгонцор: Коагуляцлагдсан уураг нь бөөрний эсээс ялгаран бөөрний сувагт цилиндр хэлбэрийн давсны хэсгүүдийг шээсэнд үүсгэдэг. Бөөрний эмгэгээс хамаарч бортгонцор янз бүр байна. Жишээ нь улаан эсэн бортгонцор, цагаан эсэн бортгонцор, өөхлөг бортгоцор, тосон бортгонцор гэх мэт байдаг.
Шээсний дэлгэрэнгүй шинжилгээнд бэлдэх заавар
- Шээсийг зориулалтын нэг удаагийн ариун саванд хийж авчирч өгнө. Савыг лаборатори, эмнэлгийн байгууллагаас авна.
- Шээхгүйгээр ирээд лабораториос саваа авч шинжилгээгээ өгч болно.
- Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтнээ сайтар угаасан байх хэрэгтэй.
- Шээсний шинжилгээ өгөхийн өмнө шээсний өнгөнд өөрчлөлт өгдөг хоол хүнс хэрэглэж болохгүй.
- Шээсний шинжилгээний сорьцыг өглөөний өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын савны ½ (100-200мл) орчим шээс тосож авна.
Шээсний ерөнхий шинжилгээний сорьцыг авснаас хойш 2 цагийн дотор лабораторид аль болох хурдан хүргэнэ. Хөлдөөж болохгүй.