Цэвэршилт гэж юу вэ?

Цэвэршилт нь эмэгтэй хүн бүрийн амьдралын тодорхой нэг цаг үед тохиолддог физиологийн хэвийн үйл явц бөгөөд нөхөн үржихүйн үйл ажиллагаа зогсож биений юм үзэгдэхгүй болох үндсэн шинжээр илэрдэг.Цэвэршилтийн үед эмэгтэйн биед зарим шинж тэмдгүүд илэрч болдог бөгөөд эдгээр шинж тэмдэг нь дааврын өөрлчлөлттэй холбоотой байдаг.

Яагаад цэвэршилт явагддаг бэ?

Эмэгтэй хүн амьдралынхаа туршид тодорхой тооны өндгөн эс боловсруулж нөхөн үржих хязгаартай байдаг. Дунджаар 400 гаруй өндгөн эс боловсруулах чадвартай гэж тооцдог бөгөөд, сард 1-2 өндгөн эс боловсрон гадагшилдаг гэж үзвэл нөхөн үржихүйн амьдралын 40 орчим жил байдаг. Эмэгтэйн биед өндгөн эсийн нөөц дуусахтай зэрэгцэн өндгөвчний үйл ажиллагаа бууран эм бэлгийн дааврууд (эстроген, прогестерон) нийлэгжил багасдаг.

Цэвэршилтийн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг бэ?

Цэвэршилтийн хамгийн түгээмэл шинж тэмдгүүд бол нүүр-цээжин бие халуу оргих, жин нэмэх болон үтрээ хуурайших багтдаг. Үүнээс гадна ясны сийрэгжилт, зүрх судасны өвчлөлийн шинж тэмдгүүд ч илэрч болдог. Эдгээр шинж тэмдгүүд илэрдэг шалтгаан нь эмэгтэйн биеийн янз бүрийн хэсгүүдэд эстроген дааврын хүлээн авуурууд байрладагтай болон хүний бие дэх дааврын нөлөө нь удаан хугацаанд тогтовортой, мэдрэмтгий байсанаа гэнэт буурч эхэлсэнтэй холбоотой байдаг.

Цэвэршилт хэдэн насанд тохиолддог бэ?

Цэвэршилт явагдах нас хүн бүрт харилцан адилгүй байдаг ч дунджаар 51 нас гэж үздэг. Эмэгтэй биед хэзээ цэвэршилт явагдах нь хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдгийн дотор удамшлын нөлөө ч багтдаг. Өөрөөр хэлбэл та өөрийн ээж эсвэл эгчтэй ойролцоо насанд цэвэрших, тэр бүү хэл цэвэршилтийн үеийн шинж тэмдгүүд ч адил байдалтай явагдах боломжтой.

Цэвэршилтийн хам шинж гэж юу вэ?

Цэвэршилтийн үед эмэгтэйн бие махбод дааврын өөрчлөлтөд дасан зохицоход гарах шинж тэмдэгүүд амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд бэрхшээлтэй болж ирэхийг цэвэршилтын хам шинж гэнэ. Үүнд халуу оргих шиж хэт олон, 20 ба түүнээс олон илрэх, зүрх судасны үйл ажиллагааны алдагдал, даралт хэлбэлзэх, нойргүйдэх гэх мэт шинжүүд орно.

Энэ үед мэргэжлийн эмчийн зөвөлгөө авч даавар орлуулах эмчилгээг богино хугацаанд хийж болно.

Цэвэршилтийн үеийн шинж тэмдэг, нүүр халуу оргих?

Ойролцоогоор эмэгтэйчүүдийн 75 орчин хувьд нүүр халуу оргих шинж тэмдэг илэрдэг ба энэ тархинд байдаг халуун дулаан зохицуулах төвд дааврын нөлөө үзүүлсэнтэй холбоотой гэж үздэг. Онцлог нь зөвхөн нүүр цээжин бие халуу оргих бөгөөд энэ нь өдрийн аль ч цагт, өдөрт хэдэн ч удаа тохиолдож болдог. Энэ үед дараах зүйлсүүд шинж тэмдгийг сэдрээдэг. Үүнд халуун ногоотой хоол идэх, кафейн, архины хэрэглээ, тамхи татах, халуу өрөөнд байх, тохиромжгүй хувцаслалт, сөрөг стресс зэрэг ордог.

Цэвэршилт болон бусад өвчлөлүүд

Цэвэршилтийн үед ясны сийрэгжилт болон зарим зүрх судасны өвчлөлүүд тохиолддог. Цэвэршилтийн үед эстроген даавар буурах нь ясны кальцийг багасгаж сийрэгжилт үүсгэхэд хүргэдэг. Энэ үед витамин Д нэмэлтээр уух, шаардлагатай үед эмчийн заавраар даавар орлуулах эмийг хэрэглэж болно.

Үүнээс гадна, кальцаар баялаг хөр ногоон өнгийн навчит ногоо идэх, нэмэлт тэжээл бүхий даавар төст бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөг. Мөн биеийн жинг нэмэгдүүлэхгүй байлгах нь чухал ач холбогдолтой.

Цэвэршилтийн үеийн даавар орлуулах эмчилгээний тухайд?

Цэвэршилтийн шинж тэмдэг хөнгөнөөс хүнд зэрэг хүртэл илэрч болдог. Хүнд хэлбэртээ өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд саад учруулж мөн бусад эмгэгүүдтэй хавсрах хүндрэх тохиолдол байдаг тул шаардлагатай үед эмчийн заавраар, хяналт дор даавар орлуулах эмчилгээг хийдэг. Даавар орлуулах эмчилгээ нь нийлэг болон байгалийн гаралтай дааврыг биед гаднаас оруулснаар өндгөвчнөөс ялгарахгүй байгаа дааврыг орлон шинж тэмдгийг бууруулдаг. 

Эм зүйн дэвшилтэт технологийн дүнд ургамлын гаралтай эстроген дааврыг ч мөн ашигладаг. Эдгээр нь даавар нь хүний эстроген даавартай төстэй бүтэцтэй, мөн мэдрэг байдал өндөр байдаг. Хамгийн анхаарууштай нь даавар орлуулах эмчилгээг хийж болохгүй эрүүл мэндийн нөхцлүүд байдаг тул эмчтэйгээ заавал зөвлөх үзлэг хийлгэх хэрэгтэйг битгий мартаарай.

Цэвэршилтийг асуудлыг шийдэх тохиромжтой аюулгүй арга байдаг нь даавар бус бэлдмэл юм. Ихэнх эмэгтэйчүүд дааврын бэлдмэлийг шууд хэрэглэдэг. Энэ нь маш олон эмэгтэйчүүдийн хавдар үүсгэх эрсдэлтэй байдгийг олон судалгаагаар харуулсан байдаг.

Цэвэршилтийн үеийн үтрээний хуурайшил

Цэвэршилтийн үед мөн л эстроген даавар багассантай холбоотой эмэгтэйн үтрээ хуурайшиж, ашигтай бактергүй болсонтой холбоотой үтрэний үрэвсэлээр өвдөх тохиолдол ихэсдэг. 

Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд энэ тухай төдийлөн ярилцахгүй байх нь олон. Үтрээний хуурайшилийн үед үтрээгээр даавар төст бэлдмэл болон, бэлгийн харьцааны өмнө чийгшүүлэх гель хэрэглэх нь зовиур багасгаад зогсохгүй бэлгийн харьцааны чанарыг сайжруулах давуу талтай.

Хэрэв үтрээний үрэвсэлээр өвдвөл үтрээний наацын шинжилгээ өгч тухай бүрт нь эмэгтэйчүүдийн эмчийн зөвөлгөө авах нь чухал.

Цэвэршилтийн үед сэтгэлзүйн байдал ямар байх вэ?

Цэвэршилтийн үед зан төлөв, сэтгэц тогтворгүй болон амархан гомдох, уурлах, баярлах зэрэг өөрчлөлтүүд илэрдэг. 

Энэ үед эмэгтэй сэтгэцийн эрүүл мэнддээ үргэлж анхаарал хандуулж байх хэрэгтэй бөгөөд шаардлагатай үед сэтгэлзүйн тусламж зөвөлгөө авах нь үр дүнтэй  байдаг:

Эдгээр тохиолдлуудад дасгал хөдөлгөөн, идэвхитэй амьдралын хэв маяг, илүүдэл жингүй байх, болон бусад шинж тэмдгээ бууруулан сэдрээхгүй байх нь сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал нөлөөтэйг битгий мартаарай.

Холбоотой мэдээлэл