Бэлгийн даавруудыг эстроген, гестаген, андроген гэсэн 3 бүлэгт хувааж, эстрогений гол төлөөлөл нь эстрадиол, гестагений гол төлөөлөл нь прогестерон бөгөөд энэ 2 дааврыг эм бэлгийн даавар гэж нэрлэдэг. Андроген нь эр бэлгийн даавар бөгөөд түүний гол төлөөлөл нь тестостерон юм. Эстроген, прогестерон нь эмэгтэй хүний өндгөвчинд болон жирэмсэн үед ихсээс ялгардаг. Андроген даавар нь мөн бага хэмжээгээр өндгөвчнөөс ялгарч байдаг.
Прогестероны бие махбодод гүйцэтгэх үүрэг:
Сар бүр өндгөн эс ялгарахад нөлөөлнө.
Жирэмслэлт хэвийн явагдахад оролцоно.
Умайн орчинг жирэмслэлтэнд бэлтгэдэг. Умайн салст давхаргын зузаарлыг дэмжиж үр тогтсон өндгөн эс бэхлэгдэхэд бэлтгэнэ. Хэрэв умайн хана хангалттай зузаан биш бол үр тогтсон өндгөн эс тогтдоггүй. Өндгөн эс үр тогтоогүй бол прогестероны хэмжээ буурч, биений юмны мөчлөг хэвийн байдлаар үргэлжилнэ.
Прогестерон нь зузаарсан салстыг ховхрохоос сэргийлж, үр тогтсон тохиолдолд умайн салстад бэхлэгдсэн үр хөврөл, ургийг зулбахаас сэргийлдэг. Үр тогтоогүй тохиолдолд прогестерон даавар ялгарахаа болих ба умайн салст ховхорч, биений юм ирдэг. Цаашид энэ мөчлөг давтагдаж биений юмны мөчлөг тогтвортой ирүүлэх
Түүнчлэн үр шилжүүлэн суулгахад прогестерон нь умайн ханыг жирэмслэлтийн хугацаанд тэнцвэржүүлэн дэмжиж өгдөг. Охидын бэлгийн бойжлын үед болон төрсний дараа хөхүүл үед хөх ургалт, хөхний эдийн хөгжилд оролцдог. Энэ үед прогестероноос гадна эстроген болон бусад даавар оролцдог.
Эрэгтэй хүнд маш бага хэмжээтэйгээр ялгардаг бөгөөд эр бэлгийн эсийн хөгжлийг дэмжиж өгдөг.
Прогестероны хэмжээ бага үед анхаарах зүйлс:
Жирэмсний үед хамгийн чухал даавар юм. Хэрэв прогестероны хэмжээ хангалттай биш байвал жирэмслэхэд хүндрэлтэй болох эсвэл жирэмсний үед хүндрэл учрах эрсдэл тулгардаг.
– Жирэмсэн биш эмэгтэйчүүдэд прогестероны хэмжээ бага үед илрэх шинж тэмдэг:
Толгой өвдөх эсвэл мигрень өвдөлт
Сэтгэл зүйн өөрчлөлт (сэтгэл зовних, стресс, нойргүйдэл)
Бэлгийн дур хүсэл буурах
Нүүрээр халуун оргих
Биений юмны мөчлөг алдагдах
Цус алдах
Жирэмслэхгүй байх
Жирэмсэн биш эмэгтэйчүүдэд прогестероны хэмжээ бага байх нь умайн цус алдалтын шалтгаан болдог. Биений юмны мөчлөг алдагдах, эсвэл бүр үзэгдэхгүй болж өндгөвчний үйл ажиллагаа саатах нь ихэвчлэн прогестероны хэмжээ буурсантай холбоотой байдаг. Хэрэв жирэмсэн бол хүүхдийг төртөл нь умайн үйл ажиллагааг хянахын тулд прогестероны хэмжээг шалгадаг. Хэрэв прогестероны хэмжээ хэт бага байвал хүүхэд тээх боломжгүйг илтгэнэ.
Жирэмсний хугацаанд прогестероны хэмжээ бага байх нь бага хэмжээний цус гарах эсвэл хэвлий хэсгээр зовуурь үүсгэдэг. Үүнээс гадна дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
Хөх байнгын хөндүүртэй эсвэл зовуурьтай байх
Сульдах, ядрах
Цусан дахь сахарын хэмжээ багасах
Үтрээ хуурайших
Прогестерон хэт бага эсвэл байхгүй байх үед эстроген дааврын хэмжээ ихсэж бусад дааврыг дарангуйлж эхэлдэг. Ингэснээр дараах шинж тэмдэг илэрдэг.
Жин нэмэх
Бэлгийн дур хүсэл буурах, стресст амархан өртөх, сэтгэл санаа тогтворгүй болох
Биений юмны мөчлөг өөрчлөгдөх, цус алдах, биений юмны өмнөх хам шинж
Хөх хөндүүрлэх, уйланхай бий болох
Эндометриоз, өндгөвчийн уйланхай үүсэх
Цөс өвдөх
Бамбайн булчирхайн үйл ажиллагаа алдагдах
Прогестерон дааврын шинжилгээний ач холбогдол
Жирэмслэхгүй байгаа тохиолдолд эсвэл өндгөн эс ялгаруулж байгаа үгүйг мэдэхийн тулд прогестероны шинжилгээг өгдөг. Түүнчлэн даавар орлуулах эмчилгээг хянах болон эрсдэлтэй жирэмснийг үнэлэхийн тулд хийгддэг.
Прогестероны хэмжээ нь биений юмны мөчлөгийн хугацаанд хэлбэлзэж байдаг. Биений юм ирэхээс 7 хоногийн өмнө хамгийн өндөр хэмжээндээ хүрдэг. Жирэмсэн үед хэвийн хэмжээнээсээ өндөр байдаг. Өндгөвчний үйл ажиллагаа хэвийн бус явагдаж байгаа үед прогестероны хэмжээ бага байдаг. Цэвэршилтийн үед эстроген болон прогестроны хэмжээ байгалийн жамаар буурдаг.
Прогестерон эмчилгээний талаар
Прогестероны хэмжээ бага үед шинж тэмдэг илрэх нь бага. Гэсэн хэдий ч хэрэв жирэмслэхээр төлөвлөж байгаа бол прогестерон дааврын эмчилгээ нь умайн ханыг зузааруулж өгдөг. Ингэснээр эрүүл жирэмслэлт бүрэлдэхэд тусалдаг.
Эмчилгээний явцад биений юмны мөчлөг алдагдах, цус алдах зэрэг хүндрэл илэрч болно.
Цэвэршилтийн үед прогестероныг эстроген даавартай хавсарч эмчилгээ хийдэг. Прогестеронгүй дан ганц эстрогенийг хэрэглэх нь эндометрийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.
Даавар эмчилгээ нь халуун оргих, шөнө хөлрөх, үтрээний хуурайшилт зэрэг хам шинжийг бууруулдаг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл санааг өргөдөг. Түүнчлэн чихрийн шижин болон ясны сийрэгжилтээр өвдөх эрсдэлийг багасгадаг.
Ууж хэрэглэж байгаа үед тайвшруулах үйлчилгээтэй.
Даавар орлуулах эмчилгээ нь зүрхний шигдээс, цусны бүлэн болон цөсний эмгэг үүсгэх талтай байдаг. Хэрэв хөх болон эндометрийн хорт хавдартай бол эмчлэгч эмчдээ зайлшгүй хэлэх ёстой. Элэгний өвчин, цусны бүлэн, зүрхний шигдээс болж байсан бол даавар нөхөх эмчилгээ тохиромжгүй.
Прогестерон дааврын ялгарлыг ихэсгэх энгийн арга:
Цинк, магни агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх
Витамин В6, С, Е, Д хэрэглэх болон эдгээрийг агуулсан хүнсний бүтээгдэхүүн, ногоо хоол хүнсэндээ хэрэглэх.
Стрессээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн заавраар прогестерон агуулсан эм, бэлдмэл хэрэглэх
Цэвэршилт явагдаж буй эмэгтэйчүүдийн хувьд даавар нөхөх эмчилгээг удаан хугацаагаар хийдэг.
Дараах ургамлууд прогестерон даавар нэмэгдүүлнэ.
Луувангийн навч
Цээнэ
Цооргоны цомог
Дөрвөлсөн мүгэз
Хунчир
Яргуй
Бөөрөлзгөнийн навч
Дараах ургамал прогестерон даавар бууруулна.
Улаан хошоонгор
Чихэр өвс
Задь г.м.