Жирэмсэн үеийн хүндрэлүүд болон аюултай шинжүүд

Дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу?Үүнд:
•    Үтрээнээс цус гарах.
Жирэмсний эхний хагаст буюу 4 сартайгаас өмнө үтрээнээс цус гарах нь үр хөврөл зулбаж байгаа эсвэл умайн гаднах жирэмсэн,жирэмсний сүүлийн хагаст эсвэл төрөлт эхлэхийн өмнө үтрээнээс цус гарвал ихэс цагаас өмнө ховхрох, ихэс түрүүлэлт зэрэг аюултай хүндрэлийн шинж байж болзошгүй.
•    Толгой эргэх, ядарч сульдах.
Амархан ядарч сульдах, толгой эргэх, царай цонхийх, арьс цайрах, даарамхай болох, үс унах, хумс хэврэг болох зэрэг шинжүүд цус багадалтын үед илэрнэ.
•    Хэвлий, хэвлийн доод хэсгээр базалж өвдөх
Жирэмсний 37 дахь долоо хоногоос өмнө хэвлий, хэвлийн доод хэсгээр базалж, ууц нуруу хөших нь дутуу төрөхөөр завдаж буйн шинж юм.
•    Толгой шилэн хүзүүгээр өвдөх, нүд бүрэлзэх, аюулхай орчмоор өвдөх
Жирэмсний сүүлийн хагаст дээрх шинжүүд цусны даралт ихэссэнтэй холбоотой илэрдэг бөгөөд жирэмсний хожуу хордлогын шинж байж болно.
Хэрвээ танд:
•    Нүүр гар хөлийн шилбэ хавагнах
•    Толгой өвдөх, эргэх
•    Аюулхай орчмоор өвдөх
•    Нүд бүрэлзэх
•    Шилэн хүзүүгээр хөшиж өвдөх
•    Цусны даралт 140/100мм-ээс ихсэх шинжүүд илэрвэл тэр даруйд эмчид үзүүлж яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
•    Гар, хөл, нүүр, хэвлийгээр хавагнах, шээс хөөсөрч гарах
Жирэмсний 20 долоо хонготойгоос хойш таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно.Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй.хэрэв жирэмсний сүүлийн хагаст шилбэнээс гадна хөл, нүүр, гар, хэвлийгээр хавагнавал жирэмсний хожуу хордлогын шинж тэмдэг юм. Биеийн жин огцом буюу нэг долоо хоногт 1кг-аас илүү нэмэгдэх нь далд хавагнаж буйн шинж бөгөөд шээс хөөсөрч гарах байдлаар илэрч болно.
•    Таталт
Жирэмсний хожуу хордлогын хамгийн хүнд хэлбэр бөгөөд эхийн эндэгдлийн зонхилох шалтгааны нэг мөн. Цусны даралт ихсэх, хавагнах, шээсэнд уураг илрэх шинжүүд өмнө нь илэрнэ.
Таталт өгөх нь жирэмсний 20 долоо хоногтойгоос хойш илрэх нь онц аюултай хүндрэлийн илрэл юм. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол таталтын үед даралт огцом ихсэх, толгой өвдөх, оюун ухаан сарних, нүдний хараа өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрнэ.
Дараах урьтал шинжүүдийн суурийн дээр таталт тохиолдож болно. Үүнд:
•    Цусны даралт ихсэх
•    Шээсэнд уураг ялгарах
•    Хөл,хөлийн шагай, гараар хавагнах, нүүр нүд бөлцийх
•    Биеийн жин огцом нэмэгдэх
Сэрэмжлүүлэг:
Жирэмсэн эх танд  дээрх шинж илэрвэл та эмчийн байнгын хяналтад байхаас гадна яаралтай үед тусламж авч болохоор эмнэлэгт ойрхон газарт амьдарч байх ёстой.Мөн дээрх аюултай шинж өөрт чинь мэдрэгдвэл хаанаас хэрхэн тусламж авахаа та өөрөө болон гэрийнхэн тань мэддэг байх нь чухал.
7.Үтрээнээс тунгалаг эсвэл хар ногоон зунгагтай шингэн зүйл гарах
Ураг орчмын шингэн гарсантай холбоотой байж болзошгүй.Гэнэт өмдөндөө шээсэн мэт санагдаж болно. Умайн хүзүүний салиа, бэлгийн харьцааны дараа үрийн шингэн гарахтай андуурч болно.
Сэрэмжлүүлэг:
Ураг орчмын шингэн гарсан тохиолдолд эмнэлгийн тусламж авалгүй цаг алдвал ураг эх дотроо бүтэж, улмаар амьгүй хүүхэд төрүүлэх, төрөх замаар халдвар авч төрөлт удаашрах зэрэг ноцтой хүндрэл гарч болно.Иймд ураг орчмын шингэн гарсан тохиолдолд яаралтай түргэн дуудах эсвэл өөрсдийн унаагаар цаг алдалгүй очсоноор эдгээр хүндрэл үүсэхээс сэргийлж чадна.
8.Ургийн хөдөлгөөн мэдрэгдэхээ болих
Ураг бүтэх, улмаар хэвлий дотор амьгүй болохын шинж байж болно.

Сэрэмжлүүлэг:
Та хэвлий дэх ургийнхаа хөдөлгөөнийг байнга анхаарч байх хэрэгтэй.Хэрэв ургийн хөдөлгөөн мэдрэгдэхгүй болбол хяналтынхаа  эмчид яаралтай мэдэгдэж зөвлөгөө авах нь чухал .
Санамж: Дээрх шинж тэмдгүүд нь таны болон хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг илэрхийлнэ.Та эдгээр шинжүүд аяндаа алга болохыг хүлээх эсвэл өөрөө өөрийгөө эмчлэх гэж цаг бүү алдаарай.

Жирэмсний хүндрэл үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс:


Төрөх насны эмэгтэйчүүдэд жирэмсэн биш үед нь илрүүлж, анхаарвал зохих эмзэг байдлууд байдаг.Тэдгээр нь жирэмслэлт, төрөлтийн явцад сөргөөр нөлөөлөөд зогсохгүй эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд ч аюултай байх талтай. Үүнд:
•    18-аас доош эсвэл 35-аас дээш насны эмэгтэйчүүд
•    145см-ээс намхан эмэгтэйчүүд
•     5-аас олон удаа төрсөн
•    Эрхтэн тогтолцооны архаг хууч өвчин, эмгэгтэй эхчүүд /цус багадалт, усны даралт ихсэлт, бөөр, шээс ялгаруулах зам, зүрхний эмгэг, элэг цөсний замын өвчнүүд гэх мэт/
•    Өмнөх жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үед хүндэрч байсан
•    Хоол хүнсний хомстолтой байх нь жирэмсэн, төрөх, төрсний дараах үед хүндрэл үүсэх, амьгүй эсвэл бага жинтэй, сул дорой хүүхэд төрүүлэх өндөр эрсдэлтэй байдалд хүргэнэ.

Эхийн сүүгээр хооллолт:

Эхийн сүү дээд зэргийн ариун, хүүхдэд хэрэгцээтэй уураг, нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдэс агуулсан байдаг бөгөөд хүүхдийг өвчнөөс хамгаалах зориулалтын бодис агуулсан байдаг юм. Эхийн сүүг юугаарч орлуулашгүй гэдгийг бид мэднэ

.Хүүхдээ хөхүүлэхэд эх хүүхдийн хооронд сэтгэл зүйн хамгийн нарийн нандин холбоо үүсч, хүүхдээ харйлах, хамгаалах сэтгэл улам хүчтэй болдог билээ.Төрсний дараа та хүүхдээ 1 цагийн дотор хамгийн хэрэгцээтэй нарийн бүтэцтэй ангир  уургаараа амлуулах хэрэгтэй.

Төрснөөс 1-3 хоногоос хойш хөхөнд сүү ордог.Та хүүхдийг хүссэн цагт нь хөхүүлж, цагийн хуваарь баримтлах шаардлагагүй. Харин хөхүүлэх хоорондын хугацаа 4 цагаас ихгүй байх ёстой.
Та хүүхдээ 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр, ямар нэгэн нэмэгдэл хоолгүй бойжуулахыг хичээх хэрэгтэй.Ингэснээр хүүхэд цаашид эрүүл өсөж бойжих, гадны таагүй нөлөөнд  эсэргүүцэх чадвартай болно.Хэрвээ боломжтой бол хүүхдээ 2 нас хүртэл хөхүүлээрэй.
Хүүхэд хөхний сүүнд цадаж байгааг нь хянах нь маш чухал. Хүүхэд цатгалан байвал хөхөхөө больж тайван болно.Мөн харъяа нутаг дэвсгэрийнхээ өрхийн эмнэлэгт хүүхдийн жинг үзэж, өсөлтийг хянана.

Хөхний сүүний  хэмжээ нь таны бие махбодь, сэтгэл санааны байдлаас шууд хамаарна. Та зөв хооллож, хангалттай хугацаагаар амарч, сэтгэл санаагаар тайван байвал хөхний сүүний хэмжээ хэвийн байна.Хэрвээ таны хүүхэд хөхөндөө цадахгүй, эсвэл хөхний сүү бага байвал эмчээсээ зөвлөгөө аваарай.
Та хөхөө зөв арчилж сурвал хөхний товч хагарах, улмаар хөхөнд халдвар орохоос сэргийлнэ.

Хөхөө арчлахдаа:
•    Нэг удаагийн хөхөлтөөр хоёр хөхөө сулартал хөхүүлнэ. Хэрвээ сүү ихтэй байвал сүүгээ сааж, хөхөө суллана.
•    Хүүхдээ хөхүүлэхдээ хөхний товч болон хөхний нөсөөт хэсгийг хүүхдийн аманд бүрэн амлуулах хэрэгтэй.
•    Хүүхдээ хөхүүүлэхийн өмнө ба хөхүүлсний дараагаар хөхөө бүлээн усаар угааж, зөөлөн даавуугаар хуурай болтол арчина.

Similar Posts