Сарын тэмдэг  ирэх хугацаанаасаа 2-3 хоног хоцорч байвал санаа зовох хэрэггүй.  Харин 5-7 хоног түүнээс  удаан хугацаагаар ирэхгүй мөртлөө  жирэмсний тест  2 удаа үзэхэд сөрөг гарвал та  эрүүл мэнддээ анхаарч  эмэгтэйчүүдийн эмчид заавал хандах хэрэгтэй.

Ийм нөхцөлд хамгийн чухал зүйл бол  бусдын дам яриагаар өөртөө эмчилгээ хийхгүй байх хэрэгтэй.  Сарын тэмдгийн мөчлөг нь гормоноор зохицуулагддаг тул та зөвхөн эмчийн зааж өгсөн тусгай эмийн тусламжтайгаар  сарын тэмдгийн хямралыг засах боломжтой болдог.

Эмэгтэйчүүдийн эмч танд үзлэг хийж онош тодруулахын тулд  нэмэлт хэд хэдэн шинжилгээ авч болно.

  • Эхлээд  эмэгтэйчүүдийн тусгайлсан  үзлэг хийнэ,
  • дараа нь Үтрээний дадчикаар эмэгтэйчүүдийн эхо оношилгоо хийнэ. Ингэснээр  жирэмслэлт байгаа эсэх, умай өндгөвчний уйланхай, хавдар байгаа эсэх,   сарын тэмдэг саатахад хүргэдэг бусад шалтгаан байгаа эсэхийг нягтална.
  • Шаардлагатай бол таны цуснаас бета-hCG, TSH, T4, эмэгтэйчүүдийн дааврын  шинжилгээ (6 үзүүлэлт/ зэрэг дааврын шинжилгээнүүд хийнэ.

Эмч танд сарын тэмдгийн хямралыг засах эмийн эмчилгээ зөвлөх  сарын тэмдэг ирсний дараа та эмчийн үзлэгт давтан хамрагдах шаардлага үүсч болдог.

Сарын тэмдэг саатах шалтгаанд

  • удаан үргэлжилсэн стресс;
  • хүчтэй сэтгэл хөдлөл
  • огцом жин хасах, жин нэмэх
  • архаг өвчний  сэдрэл
  • архи, мансууруулах бодис, мансууруулах бодисын хордлого;
  • удаан хугацааны аялал
  • эмэгтэйчүүдээс бусад эрхтний хурц үрэвсэлт өвчин
  • жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэж эхлэх эсвэл жирэмслэлтээс хамгаалах өөр арга руу шилжих;
  • бэлэг эрхтний мэс засал;
  • таргалалт;
  • дааврын тэнцвэргүй байдал;
  • шээс бэлэгийн тогтолцооны үрэвсэлт өвчнүүд
  • бэлэг эрхтний гэмтэл;
  • үр хөндөлт эсвэл зулбалтын дараа

Эмэгтэйчүүдийн дараах  өвчлөлүүд нь  сарын тэмдгийн саатал үүсгэдэг.

  • өндгөвчний олон уйланхайжих хам шинж
  • өндгөвч эрт цуцах хам шинж
  • умайн дайврын үрэвсэлт өвчин
  • өндгөвчний үйл ажиллагааны уйланхайнууд
  • умайн хоргүй хавдрууд

Similar Posts