Цистит буюу давсагны үрэвсэл нь бөөр шээсний замд гаднаас нян бактери өгсөх замаар халдварлаж, үрэвсэл үүсгэдэг өвчин юм.

Шалтгаан
~ Бактери шээсний сүвээр дамжин өгсөх замаар давсаг үрэвсэх
~ Үтрээнд байгаа нян болон мөөгөнцрийн үрэвсэл нь шээсний амсарт очиж өгсөх замаар халдвар орох
~ Гэдэсний савханцар /E-Coli/ нян шулуун гэдэснээс үтрээ болон шээсний сүв рүү халдварлах. Ихэвчлэн бэлгийн ариун цэвэр муу сахих, бие зассаны дараа буруу арчих зэргээс шалтгаалдаг.
~ Үтрээндээ үнэртэн бодис цацаж шээсний сүвийг цочроосноос болж үрэвсэл үүсэх
Шинж тэмдэг
~ Шээс ойр ойрхон хүрэх
~ Дүлж шээх
~ Бүрэн шээс чадахгүй, шээс үлдэх
~ Зарим тохиолдолд халуурах
~ Бие засахад хатгуулж өвдөх
~ Шээсний өнгөнд өөрчлөлт орох буюу цустай шээх, шээс нь булингартай болох, хар цай шиг өнгөтэй болдог.
~ Бага насны хүүхэд шээх гээд шээж чадахгүй уйлах, зовуурьтай байгаагаар нь мэдэж болно.
Хүндрэл
Давсагны үрэвслийг бүрэн эмчлээгүй эсвэл эмчлэхгүй удаан явбал дараах хүндрэлүүд үүсэх аюултай.
~ Бөөрний халдвар авах
~ Цустай шээс гарах
~ Давсганд шархлаа үүсэх
~ Давсагны хорт хавдар
Үрэвслийн үед дур мэдэн гэрээр антибиотик эмчилгээ эхлэхгүй байх ёстой. Халуун жин тавих нь шинж тэмдгийг бүдгэррүүлж, биеийн эсэргүүцэл суларвал өгсөх замын халдвараар бөөрөө гэмтээдэг.
Урьдчилан сэргийлэх 
Давсагийг үрэвсүүлэхгүй байхын тулд хувь хүний зүгээс дараах арга хэмжээг авч болно.
Үүнд:
~ Ус, шингэн зүйл тогтмол ууж байх
~ Ойр ойрхон бие засч давсгаа бүрэн суллаж байх
~ Хөөстэй баннанд орохоос илүүтэй шүршүүрт орох
~ Бие зассаны дараа бэлэг эрхтнээ урдаас хойшоо чиглэлтэй арчих, дотогшоо оруулж угаахгүй, цэвэр усаар угаах
~ Бэлгийн хавьтлын дараа бие засч байх
~ Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд жилд нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх
Оношилгоо
~ Циститийн үед шээсний ерөнхий шинжилгээ,
~ Шээсэнд бактери ургуулах шинжилгээ,
~ Шээсний сүвээс арчдас авах аргаар шинжилдэг.
~ Эмэгтэйчүүдийн талаас үтрээний мазок буюу наалдцын шинжилгээ, үтрээнээс бактериологийн шинжилгээнүүд авч оношилдог.
Шээсний ерөнхий шинжилгээ өгөхөд өлөн шээс байх, харин шээсний нян ургуулах шинжилгээний хувьд тухайн өдрийн аль ч шээс байж болно.

Similar Posts