Бэлгийн мөөгөнцөр нь Candida albicans бичил биетнээр үүсгэгддэг.

Мөөгөнцөр хэмээн нэрлэгдэх бичил биет нь хэвийн үед ходоод гэдэсний зам, үтрээнд бага хэмжээгээр, идэвхигүй хэлбэрээр байж болох ба ямар нэг эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөгөөр өсч олшрон, үрэвсэл үүсгэж эхэлдэг.

Нөлөөлөх хүчин зүйлс:

  • Антибиотик эмчилгээ – Эрүүл хүний ходоод гэдэсний зам, үтрээнд байх хэвийн бичил биетнүүд антибиотик эмчилгээ хийлгэж буй үед багассанаас мөөгөнцөрийн бичил биетнүүд өсч олширон үрэвсэл үүсч болно
  • Умайн хөндийн ерөндөг, спермицид
  • Биеийн ерөнхий эсэргүүцэл дархлаа сул эсвэл ХДХВ/ДОХ халдвар, зарим төрлийн эмийн бодис хэрэглэх (стероид, хими эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгасны дараах эмчилгээ гэх мэт)
  • Жирэмслэлт – Үтрээний хэвийн орчин өөрчлөгдсөнөөс жирэмсэн үед мөөгөнцрийн үрэвсэл элбэг тохиолддог.
  • Чихрийн шижин – Цусан дахь саахарын хэмжээ байнга их байх
  • Мөөгөнцрийн шалтгаант үтрээний үрэвсэл нь бэлгийн замаар дамжих халдвар биш ба заримдаа бэлгийн харьцаанд огт ороогүй охидод хүртэл тохиолдох нь бий. Гэхдээ бэлгийн идэвхтэй харьцаанд байдаг эмэгтэйчүүдэд элбэг байдаг.

Шинж тэмдэг

Эмэгтэйд

  • Гадна бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч хэсгээр загатнах
  • Шээх үед өвдөх, хорсох
  • Бэлгийн харьцааны үед өвдөх
  • Үтрээний үүдэвч хэсэг улайх, хавагнах
  • Зарим эмэгтэйд үтрээнээс ялгадас гарах шинж тэр бүр ажиглагдахгүй байж болох ба усархаг эсвэл ээдэм төст ялгадас гарах 

Эрэгтэйд

  • Бэлэг эрхтний толгой, толгойн хүрээ хэсгээр хорсох,загатнах,улайх
  • Бэлэг эрхтний толгойд цагаан өнгөр тогтох
  • Шээхэд өвдөх, хорсох
  • Бэлгийн харьцааны үед өвдөх

Оношлох

Өвчнийг оношлоход харьцангуй хялбар.Эмчийн үзлэгийн үед үтрээний хананд наалдсан ээдмэг цагаан ялгадас нь энэ өвчний шинж тэмдгийг илтгэж байдаг

– Үтрээний наацын шинжилгээгээр (мазок) тодорхой оношыг тавина.

Эмчилгээ

– Хэсгийн эмчилгээ буюу үтрээнд мөөгөнцрийн эсрэг лаа хийх

– Мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй эмүүдээс тухайн хүнд тохирохыг сонгож хэрэглэх

Урьдчилан сэргийлэх

Удаан хугацаагаар,эсвэл өндөр тунгаар антибиотек хэрэглэх бол мөөгөнцрийн эсрэг бэлдмэлийг хавсарч хэрэглэх

Мөөгөнцөр нь бэлгийн замын халдвар биш тул бэлгийн хамтрагчыг заавал хамт эмчлэх шаардлагагүй.

Similar Posts