Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчний тохиолдол нэмэгдэж байгаа. энэ нь оношилгоо сайжирсантай холбоотой байж болно.
Ямар нэгэн хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноор уг халдварыг авч болно.
Бэлгийн замын халдварт өвчний 60 хүртэлх хувь нь эрт үе шатандаа ямар нэгэн шинж тэмдэггүй байдаг тул эмэгтэйчүүд өөрийгөө халдвар авснаа мэдэхгүй байх тохиолдол их байдаг.
Бэлгийн замын халдварын шинж тэмдэг
Хэрэв танд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай.
- Шээхэд хорсох, өвдөх, цустай шээх
- бэлэг эрхтэн орчимд хорсож, халуу төөнөж, хатгаж өвдөх, загатнах
- Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах,/ ногоон, шар, цусархаг, үнэртэй, хөөсөрхөг, өтгөн цагаан/
- сарын тэмдгийн мөчлөгийн хямрал , сарын тэмдэг өвдөлттэй ирэх
- бэлгийн харьцааны үед өвдөх, хорсох, таагүй байх.
Ямар шинжилгээ өгөх вэ
дээрх шинжүүдээс аль 1 нь танд илэрсэн бол сандрах хэрэггүй, харин яагаад ийм зовиур илэрч байгааг шинжлүүлэх шаардлагатай.
Цаг тухайд нь илрүүлж, эмчилсэн аливаа халдварт өвчин нь бие махбодид хор хөнөөл учруулахгүй бөгөөд ирээдүйд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Харин шинж тэмдэг илэрч удаан хугацаагаар явах нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтащэй байна. Үүнд аарцгийн эрхтний үрэвсэл үүсгэх, үргүйдэл үүсгэх, эмчилгээнд дарагдахгүй архаг хэлбэрт шилжих гэх мэт.
бэлгийн замаар дамжин халдварладаг 20 орчим төрлийн халдвар байдаг бөгөөд 1 шинжилгээгээр бүгдийг нь оношлох боломж байдаггүй.
Зарим халдварууд зөвхөн цусаар оношлогддог бол зарим нь ПСР шинжилгээгээр оношлогддог. Зарим нь мазок шинжилгээгээр оношлогдож болно.
тиймээс та нарийвчилсан шинжилгээ өгөхийг хүсвэл ПСР шинжилгээ, дох тэмбүү, В, С вирус илрүүлэхээр цусны шинжилгээ өгөх хэрэгтэй.
Бэлгийн замаар дамжих хамгийн түгээмэл халдварууд
- Хламиди
- Герпес
- Тэмбүү
- ХПВ
- Заг хүйтэн
- Трихомониаз
- Микоплазмоз
- Уреаплазмоз
- Кандидоз
Эмчилгээг эмэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн эмч, эрэгтэйчүүдэд арьс өнгөний эмч зааж өгдөг. БЗДХ-ыг хэд хэдэн бүлгийн эмийг ашиглан дунджаар 20-40 хоног эмчилдэг.
- бактерийн эсрэг
- нянгийн эсрэг
- үрэвслийн эсрэг
- вирусийн эсрэг
- үтрээний микрофлорыг сэргээх
- дархлааг дэмжих
Бэлгийн замын халдварын шинжилгээг жилд дор хаяж хоёр удаа хийлгэж байх ёстой гэдгийг санаарай.